16 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулахад нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, үүрэг
16.1.Тооллого зохион байгуулж явуулахад бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дор дурдсан эрх, үүрэгтэй:
16.1.1.энэ хуулийн 6.3-т заасан зардлыг төсөвт тусгах;
16.1.2.энэ хуулийн 16.2-т заасан асуудлаар тухайн шатны Засаг даргын, тооллого явуулахтай холбогдсон асуудлаар харьяа тооллогын комиссын мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх;
16.1.3.орон нутагт тооллого зохион байгуулж явуулахтай холбоотой бусад асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх.
16.2.Тооллого зохион байгуулж явуулахад бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга дор дурдсан үүрэгтэй оролцоно:
16.2.1.нутаг дэвсгэртээ тооллого явуулах бэлтгэл ажлыг хангах;
16.2.2.тооллого явуулахын өмнө хүн ам, өрхийн бүртгэлийн хөдөлгөөнийг бүрэн хийж, мэдээллийн санг бэлтгэх;
16.2.3.тооллогын асуудлаар Улсын комисс болон Үндэсний статистикийн хорооноос өгсөн удирдамж, чиглэлийн дагуу тооллогын ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
16.2.4.тооллого явуулахтай холбогдуулан харъяа нутаг дэвсгэрийн гудамж, талбайн нэр, байр, орон сууцны хаягжилт, дугаарлалтыг цэгцлэх, тооллого явуулах нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоон, зураглал гаргах;
16.2.5.тооллогын комиссыг ажиллах болон тооллогын материалыг хадгалах байр, тавилга, шаардлагатай бусад тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах;
16.2.6.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.