5 дугаар зүйл. Хүн худалдаалахтай тэмцэх талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хүн худалдаалахтай тэмцэх талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

5.1.Хүн худалдаалахтай тэмцэх талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.хүн худалдаалахтай тэмцэх үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.2.хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

5.1.3.хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх.

5.2.Хүн худалдаалахтай тэмцэх талаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.2.1.хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохион байгуулах;

/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.2.хүн худалдаалах асуудлаар мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг баяжуулах;

5.2.3.Улсын ерөнхий прокурортой хамтран хохирогчийн нэр төр, аюулгүй байдлыг хангах журам батлах.

5.2.4.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг батлах; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.5.хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх салбар дундын хамтарсан багийг байгуулж, ажиллах журмыг батлах. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.3.Хүн худалдаалахтай тэмцэх талаар гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.3.1.хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан олон улсын гэрээнд нэгдэн орох санал боловсруулах, энэ талаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийх, нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

5.3.2.гадаад улсад хохирогч болсон Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалах, түүнд туслалцаа үзүүлэх;

5.3.3.энэ хуулийн 12.1.5-д заасан үйлчилгээ үзүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

5.3.4.гадаад улсын иргэнд үрчлэгдсэн Монгол Улсын насанд хүрээгүй иргэний эрх, ашиг сонирхлыг хамгаалах.

5.4.Хүн худалдаалахтай тэмцэх талаар нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.4.1.энэ хуулийн 12.1.3-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

5.4.2.хохирогчийг хамгаалах, халамж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, туслалцаа үзүүлэх.

5.5.Хүн худалдаалахтай тэмцэх талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.5.1.энэ хуулийн 12.1.1, 12.1.2-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

5.5.2.хохирогчид үйлчилгээ үзүүлэх асуудлаар эмнэлгийн байгууллагын ажилтанд сургалт явуулах.

5.6.Хүн худалдаалахтай тэмцэх талаар боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.6.1.боловсролын байгууллага, оюутан, сурагчдын дунд хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

5.6.2.хүн худалдаалахын хор уршиг, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, тайлбарлан таниулах талаар ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөр, стандартад тусгах. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.7.Цагдаагийн болон тагнуулын байгууллага нь хүн худалдаалах үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлж, хүн худалдаалахтай холбоотой зар сурталчилгаанд хяналт тавина.

5.8.Хүн худалдаалахтай тэмцэх талаар улсын хил хамгаалах байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.8.1.Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа хүүхдийн биеийн байцаалтыг тодруулах, итгэмжлэлийн үндсэн дээр бусдын хүүхдийг харгалзан яваа этгээдийн биеийн байцаалт, ямар зорилгоор хүүхдийг дагуулан явж байгаа, тухайн хүүхэдтэй ямар холбоотой болох, хүлээн авагч гадаад улс, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шалгаж нягтлах;

5.8.2.итгэмжлэлийн үндсэн дээр гадаад улсад зорчиж байгаа хүүхэд тухайн улсад удаан хугацаагаар сурах, амьдрах тохиолдолд хүлээн авах этгээдийн талаарх мэдээллийг нягтлах;

5.8.3.улсын хилээр хамт гарсан насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд эргэж ирээгүй шалтгааныг нь тодруулах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх.

5.9.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсадыг албадан хөдөлмөр, боолчлол, боолчлолтой ижил төстэй нөхцөлд ажиллуулж, байлгаж байгаа эсэхэд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.10.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих бүрэн эрхийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.12.Бүх шатны нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.12.1.нутаг дэвсгэртээ хүн худалдаалахтай тэмцэх, шалтгаан нөхцөлийг нь тогтоож арилгах арга хэмжээ авах;

5.12.2.хохирогчид үзүүлэх халамж, үйлчилгээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

5.12.3.хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах;

5.12.4.хүн худалдаалахтай холбоотой байж болзошгүй зар сурталчилгаанд харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хяналт тавих.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.