14 дугаар зүйл. Нийтийг хамарсан ажил зохион байгуулах
14.1.Нийтийг хамарсан ажлыг ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн болон ажилгүй иргэнийг түр хугацаагаар ажиллуулах, орлого нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэмжээний хэлбэрээр зохион байгуулна.
14.2.Нийтийг хамарсан ажлын хөтөлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага орон нутгийн нөөц бололцоо, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.3.Гамшгийн хор уршгийг арилгах, нөхөн сэргээх зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагаас нийтийг хамарсан ажлын түр хөтөлбөр хэрэгжүүлж болно.
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.4.Нийтийг хамарсан ажлын хөлс, тухайн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, бусад зардлыг орон нутгийн төсвөөс болон аж ахуйн нэгж, байгууллага гаргана.
14.5.Нийтийг хамарсан ажлын нэг цагийн хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хэмжээг ажлын онцлогийг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
14.6.Нийтийг хамарсан ажлын нэг цагийн хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.