28 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл
28.1.Засгийн газар, ажил олгогч болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийг байгуулж, ажиллуулна.
28.2.Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн энэ хуулийн 28.1-д заасан гурван талын төлөөлөгчдийн тоо адил байна.
28.3.Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дүрмийг ажил олгогч болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагатай зөвшилцөн Засгийн газар, хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн дүрмийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/ батална.
28.4.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг талуудын санал болгосноор Ерөнхий сайд 4 жилийн хугацаагаар батлах бөгөөд Үндэсний зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй байна:
28.4.1.Засгийн газрыг төлөөлж хөдөлмөрийн, санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн;
28.4.2.ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гурван хүн;
28.4.3.ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагаас гурван хүн.
28.5.Үндэсний зөвлөлийн дарга нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
28.6.Үндэсний зөвлөлийн орлогч даргыг энэ хуулийн 28.1-д заасан гурван тал зөвшилцөж, аль нэг талын төлөөлөгчөөс хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар батална.
28.7.Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн гишүүнээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын дарга, ажилтныг оруулахыг хориглоно.
28.8.Үндэсний зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.8.1.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.8.2.төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, стратеги, хөтөлбөрийн талаар санал боловсруулах, хэлэлцэх, энэ хуулийн 6.3.1-6.3.4, 6.3.6-д заасан төсөл, хөтөлбөрийг хэлэлцэн батлах;
28.8.3.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тайлан, мэдээлэл болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнд хийсэн хөндлөнгийн байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;
28.8.4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийг хуваарилах асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргах, тус сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих;
28.8.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хагас болон бүтэн жилийн санхүүгийн тайланг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
28.8.6.хөдөлмөр эрхлэлтийн болон ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийсэн хяналт, шинжилгээний дүнг хэлэлцэх, түүнд үндэслэн хууль тогтоомж, хөтөлбөрийг боловсронгуй болгох талаар зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх;
28.8.7.тухайн жилд авах гадаадын мэргэжилтэй ажилчдын хэрэгцээг тодорхойлох асуудлаар зөвлөмж гаргаж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.9.Үндэсний зөвлөлийн гишүүдэд ажлын оролцоог харгалзан улирал тутам урамшуулал олгож болох бөгөөд уг урамшууллын хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.