3 дугаар зүйл. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
3.1.Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид "ажилтан" гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.
3.2.Тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цагийн үндсэн цалин /хөлс/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглоно.
3.3.Энэ хуулийн 3.1 дэх хэсгийн заалт нь ажилтан цалин /хөлс/-гаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс өндөр тогтоолгох, ажил олгогч болон ажиллуулагч /цаашид "ажил олгогч" гэх/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү тогтоосон цалин /хөлс/ олгоход саад болохгүй.