3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж" /цаашид "бирж" гэх/ гэж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг тогтсон журмын дагуу зориулалтын байранд, эсхүл цахим сүлжээгээр болон энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан биржийн арилжааны төрөл, хэлбэрээр зохион байгуулдаг компанийг;

3.1.2."биржээр арилжих хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд" /цаашид "бараа, түүхий эд" гэх/ гэж биржээр арилжих барааны жагсаалтад орсон, гарал үүсэл, чанарын болон мал эмнэлгийн, лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээтэй, биржийн гэрээний стандартыг хангасан бараа, түүхий эдийг;

/Энэ заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.1.3."биржийн арилжаанд оролцогч" гэж биржид бараа, түүхий эд арилжих зорилгоор бүртгүүлсэн, биржийн арилжаанд оролцох зөвшөөрөлтэй хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршоо, биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийг;

3.1.4."биржийн арилжааны зах зээлд оролцогч" гэж бараа, түүхий эдийг бэлтгэх, үйлдвэрлэх, чанар, тоо хэмжээг тодорхойлох, хадгалах, тээвэрлэх, зуучлан арилжих, биржийн арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, гарал үүслийг гэрчлэх, экспортлох үйл ажиллагааг эрхэлж байгаа этгээдийг;

3.1.5."биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа" гэж бараа, түүхий эдийг гэрээний үндсэн дээр биржээр зуучлан арилжих ажиллагааг;

3.1.6."биржийн арилжаа" гэж биржийн арилжаанд оролцогчдын хооронд байгуулах гэрээний үндсэн дээр бараа, түүхий эдийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг;

3.1.7."биржийн дэнчин" гэж биржийн арилжааны зуучлагч /брокер/ нь гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ хэрэгжүүлэх баталгаа болгон энэ хуулийн 6.1-д заасан байгууллага дахь өөрийн дансанд урьдчилан байршуулсан мөнгийг;

3.1.8."суудлын эрх" гэж биржийн арилжаанд тогтмол оролцох эрхийг.

БИРЖ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.