4 дугаар зүйл. Бирж
4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжааг зохион байгуулах төрөлжсөн нэг бирж үйл ажиллагаа явуулна.
4.2.Бирж нь биржийн арилжааг зохион байгуулахдаа бие даасан, нээлттэй, ил тод, хараат бус байх үндсэн зарчмыг баримтална.
4.3.Бирж нь зориулалтын байр, төвлөрсөн мэдээллийн сантай байх бөгөөд биржийн арилжааг зохион байгуулах программ хангамж, сүлжээний найдвартай байдлыг хангасан байна.
4.4.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа биржийн арилжаанд оролцогч нь цахим сүлжээгээр дамжуулан биржийн арилжаанд шууд оролцож болно.
4.5.Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
4.6.Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна.
4.7.Бараа, түүхий эдийг биржийн арилжаанд оролцож худалдан авсан тухай тодорхойлолтыг үндэслэн дор дурдсан иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгох журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална:
4.7.1.хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршоо /цаашид "хоршоо" гэх/-ны гишүүн;
4.7.2.газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч.
4.8.Биржээс гадуурх бараа, түүхий эдийн арилжаанд биржийн нэр ашиглахыг хориглоно.
4.9.Биржийн арилжаанд оролцох тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон биржийн үйл ажиллагаанд хяналт тавих журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
4.10.Энэ хуулийн 4.5, 5.1.7-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг төсвийн хөрөнгөөр худалдан авах бол биржээр дамжуулна.
4.11.Бирж нь өөрийн нэрийн өмнөөс болон бусад оролцогчийн нэрийн өмнөөс биржийн арилжаанд оролцохыг хориглоно.