12 дугаар зүйл. Тусгай зориулалтын компани байгуулах
12.1.Тусгай зориулалтын компани нь Компанийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулагдсан, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг авсан хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.
12.2.Тусгай зориулалтын компани нь хөрөнгийн багцыг өөрийн санхүүгийн тайлан, тэнцэлд шилжүүлэн авах замаар баталгаат үнэт цаасыг хөрөнгө оруулагч эзэмших эрхтэйг баталгаажуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
12.3.Тусгай зориулалтын компанийг баталгаат үнэт цаас гаргах бүрт байгуулна.
12.4.Тусгай зориулалтын компанийг банк, банк бус санхүүгийн байгууллага, орон сууцны санхүүжилтийн компани болон Хорооноос зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага байгуулж болно.
12.5.Тусгай зориулалтын компанийн нэр нь түүний оноосон нэр болон "тусгай зориулалтын компани" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ТЗК" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
12.6.Энэ хуулийн 12.1-д зааснаас өөр этгээд өөрийн оноосон нэртэй хамт "тусгай зориулалтын компани" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ТЗК" гэсэн товчилсон тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
12.7.Тусгай зориулалтын компанийн хувьцаа эзэмшигч нь Хорооны зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно.
12.8.Тусгай зориулалтын компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи нь анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагч, тэдгээрийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүлийн гишүүн байхыг хориглоно.
12.9.Тусгай зориулалтын компанийн дүрэмд Компанийн тухай хуульд зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:
12.9.1.зөвхөн баталгаат үнэт цаас гаргах зорилготой байх тухай;
12.9.2.баталгаат үнэт цаас бүрэн төлөгдөж дууссан тохиолдолд татан буугдах тухай.
12.10.Тусгай зориулалтын компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ, санхүүгийн тайланд тавих шаардлага болон удирдлага, зохион байгуулалтын бүтэц, түүний эрх хэмжээг тогтоосон журмыг Хороо тогтооно.
12.11.Тусгай зориулалтын компани дараахь эрхтэй:
12.11.1. хөрөнгө худалдаж буюу шилжүүлэн авах;
12.11.2. баталгаат үнэт цаас гаргах;
12.11.3. хөрөнгийг өмчлөх, хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцүүлэн хөрөнгийг удирдах;
12.11.4.Хорооноос баталсан журам болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны танилцуулга /цаашид "үнэт цаасны танилцуулга" гэх/-д заасны дагуу энэ хуулийн 12.11.1-12.11.3-т заасан эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай үйлчилгээ үзүүлэх гэрээ болон бусад гэрээ байгуулах;
12.11.5.баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцын үлдэгдлийн дүн түүний анхны үнийн 20 хувьд хүрсэн тохиолдолд анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагчтай тохиролцон багцыг буцаан худалдах;
12.11.6.энэ хуульд заасны дагуу үүсмэл гэрээ ашиглах.
12.12.Тусгай зориулалтын компани дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
12.12.1.энэ хуулийн 12.11-д зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх;
12.12.2.энэ хуулийн 12.11-д зааснаас өөр үйл ажиллагаатай холбоотой үүрэг бусдын өмнө хүлээх, өр үүсгэх;
12.12.3.баталгаат үнэт цаасыг худалдсанаас олсон орлогоос эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр бусдаас зээл авах;
12.12.4.хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх;
12.12.5.хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулах;
12.12.6.Хорооны зөвшөөрөлгүйгээр компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах.
12.13.Тусгай зориулалтын компани нь энэ хуулийн 12.11-д заасан эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлнэ.
12.14.Тусгай зориулалтын компани нь энэ хуулийн 12.13-т заасан гуравдагч этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-ээс үүсэх үүргийг бүрэн хариуцна.
12.15.Тусгай зориулалтын компани нь баталгаат үнэт цаастай холбогдсон үүрэг дуусгавар болмогц татан буугдана.