14 дугаар зүйл. Баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцыг бүртгүүлэх
14.1.Баталгаат үнэт цаасны хөрөнгийн багц нь Хороонд хүргүүлсэн үнэт цаасны танилцуулгад хавсаргасан хөрөнгийн жагсаалтаас бүрдэнэ.
14.2.Баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцыг баталгаат үнэт цаасыг гаргахаас өмнө үнэт цаасны танилцуулга, хөрөнгийн жагсаалт, хөрөнгийг тусгай зориулалтын компанид шилжүүлсэн гэрээ болон холбогдох бусад бичиг баримтын хамт Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.3.Хороо баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцыг бүртгэснээр уг багцад орсон хөрөнгийг тусгай зориулалтын компанид шилжсэнд тооцно.
14.4.Хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай бол баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцыг бүртгэсэн тухай Хорооны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлд барьцааны тухай тусгай тэмдэглэл хийнэ.
14.5.Энэ хуулийн 14.4-т заасны дагуу улсын бүртгэлд тэмдэглэл хийхэд тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс авахгүй.
14.6.Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хуульд заасны дагуу дуусгавар болж, тусгай зориулалтын компаниас тусгай тэмдэглэлийг хүчингүй болгох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд энэ хуулийн 14.4-т заасан тусгай тэмдэглэлд зөвхөн Хорооны шийдвэрээр өөрчлөлт оруулна.
14.7.Энэ хуулийн 14.4-т заасан тэмдэглэлийн агуулга, тэмдэглэл хийх журмыг Хороо болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
14.8.Энэ хуулийн 14.4-т зааснаас бусад хөрөнгө шилжсэн тухай улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардахгүй.
14.9.Хороо баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг тусад нь хөтлөх бөгөөд уг бүртгэлийн талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх журмыг батална.