27 дугаар зүйл. Орон сууцны санхүүжилтийн компани
27.1.Орон сууцны санхүүжилтийн компани нь Компанийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулагдсан, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл авсан хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.
27.2.Орон сууцны санхүүжилтийн компанийн өөрийн хөрөнгийг мөнгөн хөрөнгөөр бүрдүүлэх бөгөөд өөрийн хөрөнгийн доод хэмжээг Хороо тогтооно.
27.3.Орон сууцны санхүүжилтийн компанийн нэр нь түүний оноосон нэр болон "орон сууцны санхүүжилтийн компани" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ОССК" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
27.4.Энэ хуулийн 27.1-д зааснаас өөр этгээд өөрийн оноосон нэртэй хамт "орон сууцны санхүүжилтийн компани" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ОССК" гэсэн товчилсон тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
27.5.Орон сууцны санхүүжилтийн компанийг 2 ба түүнээс дээш банк хамтран үүсгэн байгуулна.
27.6.Орон сууцны санхүүжилтийн компани нь дор дурдсан үйл ажиллагааг явуулна:
27.6.1.хувь нийлүүлэгч банк болон бусад санхүүгийн байгууллагаас хөрөнгө шилжүүлэн авах, хуримтлуулах;
27.6.2.хөрөнгийн багц бүрдүүлэх;
27.6.3.барьцаат үнэт цаас гаргах;
27.6.4.эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээг авах;
27.6.5.худалдан авах хөрөнгөд тавих шаардлагыг тогтоох;
27.6.6.энэ хуульд заасны дагуу үүсмэл гэрээ ашиглах;
27.6.7.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахтай холбоотой бусад үйл ажиллагаа.
27.7.Орон сууцны санхүүжилтийн компани дараахь эрхтэй:
27.7.1.үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд баталгаат үнэт цаасны тусгайлсан хөрөнгийн багцын бүртгэлд бүртгэгдсэн барьцаа хөрөнгөөс төлбөрөө гаргуулан авах нөхцөлтэйгээр өөрийн хувь нийлүүлэгч банкинд зээл олгох, уг зээлтэй холбоотойгоор энэ хуульд заасан хөрөнгө оруулагчийн бүхий л эрхийг эдлэх;
27.7.2.өөрийн хувь нийлүүлэгч банкинд олгосон зээлийн барьцаа хөрөнгийг хөрөнгө оруулагчид барьцаалах замаар барьцаат үнэт цаас гаргах.
27.8.Орон сууцны санхүүжилтийн компани нь өөрийн хувь нийлүүлэгч банкинд олгосон зээлтэй холбоотой шаардах эрхээ гэрээгээр баталгаажуулах бөгөөд уг эрх нь хөрөнгийн багцын бүртгэлд орно.