37 дугаар зүйл. Онцгой нөхцөл байдал үүсэх
37.1.Дараахь тохиолдолд онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзнэ:
37.1.1.барьцаат үнэт цаас гаргагчтай холбоотой дампуурлын хэрэг үүссэн;
37.1.2.барьцаат үнэт цаас гаргагчийг татан буулгаж болзошгүй болсон;
37.1.3.барьцаат үнэт цаас гаргагчийг хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллага өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн.
37.2.Хороо энэ хуулийн 37.1-д заасан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд дараахь арга хэмжээг нэн даруй авна:
37.2.1.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцыг хөрөнгө оруулагчийн шаардлагыг бүрэн хангах хүртэл барьцаат үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлан, тэнцлээс тусгаарлах;
37.2.2.төлбөрийн чадваргүй болсон барьцаат үнэт цаас гаргагч нь банк бол Монголбанктай хамтран, орон сууцны санхүүжилтийн компани бол дангаараа эрх хүлээн авагчийг томилох.
37.3.Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч нь онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрх хүлээн авагч томилогдох хүртэлх хугацаанд дараахь үүрэг хүлээнэ:
37.3.1.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцыг эзэмшилдээ авах;
37.3.2.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцаас орох орлогыг төвлөрүүлэх.
37.4.Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч нь үнэт цаасыг баталгаажуулж байгаа багцыг хамгаалахад шаардлагатай холбогдох бүх данс, баримт, материалын эхийг эрх хүлээн авагчид хүргүүлэх үүрэгтэй.
37.5.Эрх хүлээн авагч нь өөрийг нь томилсон эрх бүхий этгээдэд дараахь саналын аль нэгийг хүргүүлнэ:
37.5.1.барьцаат үнэт цаасны төлбөрийг хугацаанаас нь өмнө төлүүлэхээр барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад байгаа хөрөнгийг худалдан борлуулах;
37.5.2.барьцаат үнэт цаасны хугацааг өөрчлөлгүйгээр үнэт цаасаар хүлээсэн үүрэг болон барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцыг өөр үнэт цаас гаргагчид шилжүүлэх;
37.5.3.энэ хуулийн 37.5.2-т заасан аргыг хэрэглэх боломжгүй гэж үзвэл барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцыг хөрөнгө итгэмжлэн удирдагчийн удирдлагад шилжүүлэх;
37.5.4.барьцаат үнэт цаасны эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээ авах.
37.6.Энэ хуулийн 37.5-д заасны дагуу эрх хүлээн авагчийн гаргасан саналыг үндэслэн түүнийг томилсон эрх бүхий этгээд шийдвэр гаргана.
37.7.Эрх хүлээн авагч нь үйлчилгээнийхээ хөлсийг барьцаат үнэт цаасыг баталгаажуулж байгаа хөрөнгийн багцаас олох орлогоос хөрөнгө оруулагчаас тэргүүн ээлжинд авах эрхтэй бөгөөд уг хөлсний хэмжээг банк, санхүүгийн салбарт тогтсон жишигт нийцүүлэн Хороо буюу Монголбанк тогтооно.
37.8.Энэ зүйлд заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон тусгай журмыг Хороо болон Монголбанк хамтран батална.
37.9.Барьцаат үнэт цаас гаргагч төлбөрийн чадваргүй болсон нь өөрийн үнэт цаасны төлбөрийг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхийг хөрөнгө оруулагчид олгох үндэслэл болохгүй.
ТАВДУГААР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ