36 дугаар зүйл. Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч
36.1.Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч /цаашид "хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч" гэх/ нь барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэл хөтлөлтөд хяналт тавих, хөрөнгийн багцын хэвийн байдлыг хангах, энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэг бүхий этгээд байна.
36.2.Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хороо олгох бөгөөд түүнд тавих мэргэшлийн шаардлага, зөвшөөрөл олгох, томилох, чөлөөлөх журмыг Хороо тогтооно.
36.3.Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийг барьцаат үнэт цаас гаргагч томилох бөгөөд энэ тухайгаа ажлын 3 өдрийн дотор Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
36.4.Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч нь дараахь үүрэгтэй:
36.4.1.хөрөнгийн багц энэ хууль болон Хорооноос тогтоосон журамд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
36.4.2.хөрөнгийн багцад байгаа хөрөнгийг солих болон хөрөнгийн багцтай холбоотой гүйлгээнд хяналт тавих;
36.4.3.хөрөнгийн багцаас зарлагын гүйлгээ хийх зөвшөөрөл олгох;
36.4.4.хөрөнгийн багцын бүртгэлд орсон өөрчлөлтийг баталгаажуулж энэ талаар 15 хоногийн дотор Хороо болон Монголбанкинд мэдэгдэх;
36.4.5.Хорооноос тогтоосон хугацаанд хөрөнгийн багцын бүртгэлд төлөвлөгөөт шалгалт хийх;
36.4.6.энэ хуулийн 36.4.5-д заасан төлөвлөгөөт шалгалтыг хийснээс хойш 15 хоногийн дотор тухайн бүртгэлийн үйл ажиллагаанд илэрсэн аливаа зөрчил, түүнийг арилгах талаар өгсөн зөвлөмжийн тухай тайланг барьцаат үнэт цаас гаргагч, Хороо болон Монголбанкинд хүргүүлэх;
36.4.7.хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
36.5.Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч нь барьцаат үнэт цаас гаргагч болон эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас тухайн үнэт цаасыг баталгаажуулж байгаа хөрөнгийн багцтай холбоотой аливаа мэдээллийг авах, холбогдох баримт бичигтэй танилцах эрхтэй.