35 дугаар зүйл. Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцыг тусгаарлах, барьцаалах
35.1.Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцыг бүртгэснээр түүнийг бүрдүүлж байгаа хөрөнгийг барьцаат үнэт цаас гаргагчийн бусад хөрөнгөнөөс тусгаарласанд тооцох бөгөөд уг хөрөнгийг үнэт цаас гаргагч нь санхүүгийн тайлан, тэнцэлдээ тусад нь хөтөлнө.
35.2.Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад байгаа хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.
35.3.Хөрөнгө оруулагч нь барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцаас үнэт цаастай холбоотой шаардах эрхээ тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй байна.
35.4.Хэд хэдэн хөрөнгө оруулагчийн шаардах эрх ижил хөрөнгийн багцаар баталгаажсан бол шаардах эрхээ уг эрх үүссэн хугацааны дарааллын дагуу, оруулсан хөрөнгийн хэмжээтэй хувь тэнцүүлэн хангуулна.
35.5.Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад хамаарах үүсмэл гэрээний талууд нь тухайн багцын хувьд гэрээ байгуулах, цуцлах, эрхээсээ татгалзах, хөрөнгө оруулагчийн эрхийн хүрээнд үнэт цаас гаргагчийн эсрэг нэхэмжлэл гаргах эрхтэй.
35.6.Барьцаат үнэт цаасны төлбөрийг хөрөнгийн багцад байгаа хөрөнгөөр бүрэн хангана.
35.7.Тус тусдаа бүртгэлтэй барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцаар баталгаажсан үнэт цаасны хөрөнгө оруулагчид тухайн барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцаар нэхэмжлэлээ хангуулсны дараа барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад ороогүй үнэт цаас гаргагчийн бусад хөрөнгөөс үлдэгдэл төлбөрөө гаргуулахад бусад хөрөнгө оруулагчтай тэгш эрхтэй байна.
35.8.Үнэт цаас гаргагч дампуурсан, эсхүл үүргээ биелүүлэх боломжгүй болсноос бусад тохиолдолд барьцаат үнэт цаасны хөрөнгийн багц буюу тухайн үнэт цаас гаргагчийн хүлээх үүргийг Хорооноос тогтоосон журамд нийцүүлэн үнэт цаасны танилцуулгад заасан нөхцөлөөр бусдад бүхэлд нь шилжүүлж болно.