6 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаа
1.Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлд 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ зүйлд 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно.
/Энэ хэсгийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.Энэ зүйлийн 2, 3, 4-т заасан тохиолдолд цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журмыг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлд 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/