5 дугаар зүйл. Цэргийн алба хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.Албан үүргээ гүйцэтгэж байх үедээ цэргийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай цэргийн алба хаагчид эд хөрөнгийн хариуцлагыг учруулсан бодит хохирлын хэмжээгээр хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.2.Цэргийн эд хөрөнгөд хохирол учруулсан цэргийн алба хаагч нь тухайн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-дээ эрүүгийн, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээсэн нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.3.Цэргийн алба хаагч дараахь тохиолдолд эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө:
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.3.1.цэргийн анги, байгууллагын зүгээс эд хөрөнгийн бүрэн бүтэн байх шаардалагатай орчин, нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирол;
5.3.2.илт хууль бусаас бусад тушаал, захирамж биелүүлснээс учирсан хохирол;
5.3.3.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол;
5.3.4.албан үүргийн дагуу хийсэн үндэслэл бүхий эрсдэл;
5.3.5.хууль тогтоомжийн дагуу хийсэн хууль ёсны үйлдлийн улмаас учирсан хохирол.
5.4.Цэргийн алба хаагчийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу цэргийн анги, байгууллага төлсөн тохиолдолд гарсан зардлыг гэм буруутай цэргийн алба хаагч энэ хуульд заасан журмын дагуу барагдуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/