11 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл

11.1.Аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ.

11.2.Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь нийт гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Гурван гишүүний нэг нь орон тооны байна. Зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох журмыг Зохицуулах хороо тогтооно.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.3.Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь энэ хуулийн 9.1.6, 9.1.7, 9.1.8, 9.1.9, 9.1.10-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

11.3.1.энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

11.3.2.тухайн орон нутагт олгосон тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах.

11.3.3.Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх.

/Энэ заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.4.Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан зардлаа тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хөлснөөс санхүүжүүлнэ.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.