14.1.Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулааны дамжуулах сүлжээг ашиглан цахилгаан, дулаан дамжуулах үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно.
14.2.Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь эрх, үүрэгтэй:
14.2.1.цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагааг болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах, дамжуулах сүлжээг ашиглах, засвар үйлчилгээ хийх, өргөтгөх үйл ажиллагаа эрхлэх;
14.2.2.энэ хуулийн 9.1.13-т заасан холболтын журмыг боловсруулах, батлуулах, мөрдөх;
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.2.3.тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тэгш эрхтэйгээр дамжуулах сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх.
14.3.Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрчим хүчээр хангагч байж болохгүй.
14.4.Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/