15 дугаар зүйл. Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл

15.1.Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлөөр диспетчерийн үндсэний төвд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг шуурхай зохицуулж, үйлдвэрлэлийг хэрэглээтэй тэнцвэржүүлэх эрх олгоно.

15.2.Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь эрх, үүрэгтэй:

15.2.1.цахилгаан, дулааныг стандартын шаардлагад нийцүүлэн найдвартай хангах зорилгоор цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн шуурхай зохицуулах;

15.2.2.байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахилгаан, дулааны хангамжийг таслах, хязгаарлах, сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

15.2.3.цахилгаан, дулаанаар хангах гэрээг Зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу бүртгэх;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.2.4.диспетчерийн зохицуулалтаар бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид нийлүүлэх, тэднээс авч болох цахилгаан, дулааны нөөц, чадал, бусад үйлчилгээг төлөвлөх, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл үйл ажиллагааг хангах, горим тогтоож хянах;

15.2.5.нэгдсэн сүлжээний горим тооцоо, реле хамгаалалт, автоматик, шуурхай удирдлага, холбоо мэдээллийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

15.2.6.нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн цахилгаан, дулааны хэрэглээний урт хугацааны урьдчилсан таамаглалыг жил бүр гаргах;

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.2.7.бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцсөний үндсэн дээр нэгдсэн сүлжээний дүрмийг боловсруулах, хэрэгжүүлэх;

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.2.8.импортлох, экспортлох зорилгоор цахилгаан дамжуулах үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.3.Цахилгаан, дулааны диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчид цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, эрчим хүчээр зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл олгохгүй.

15.4.Нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрмийн хүрээнд диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан шийдвэрийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч биелүүлэх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.