16 дугаар зүйл. Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл
16.1.Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд тухайн тодорхой нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан түгээх үйл ажиллагаа явуулах эрх олгоно.
16.2.Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох үүрэгтэй.
16.3.Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэгтэй:
16.3.1.тухайн нутаг дэвсгэрт энэ хуульд заасан шаардлагыг хангасан хэрэглэгчийн шугам, тоног төхөөрөмжийг цахилгаан, дулаан түгээх шугам, тоног төхөөрөмжид холбох;
16.3.2.энэ хуулийн 9.1.13.-т заасан холболтын журмыг боловсруулах, батлуулах, мөрдөх;
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.3.3.эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан цахилгаан, дулааны тоолуурыг холболтын цэгт суурилуулах;
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.3.4.цахилгаан, дулаан түгээх сүлжээгээр дамжуулан зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тэнцүү боломжийг эрчим хүчээр хангагч нарт олгох;
16.3.5.цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчээр зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаа болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах;
16.3.6.түгээх сүлжээг ашиглах, засвар үйлчилгээ хийх, өргөтгөх;
16.3.7.энэ хуулийн 9.1.13-т заасан холболтын журмын шаардлага хангасан хэрэглэгчтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр энэ хуулийн 17.3-т заасан гэрээг байгуулж, тухайн хэрэглэгчийн шугамаас бусад хэрэглэгчийг холбох;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.3.8.үйлдвэрлэгч, дамжуулагчтай байгуулсан гэрээний дагуу урьдчилан төлбөр хийсний үндсэн дээр цахилгаан, дулааныг худалдан авах.
16.4.Энэ хуулийн 16.3.3-т заасан тоолуур нь цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмч байж болно.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.5.Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байх бөгөөд эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байж болно.