17 дугаар зүйл. Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл
17.1.Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авах, цахилгаан импортлох, цахилгаан, дулааныг хэрэглэгчид худалдах эрхийг олгоно.
17.2.Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг:
17.2.1.тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчийг цахилгаан, дулаанаар хангах;
17.2.2.цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хүрэлцээтэй хэмжээний цахилгаан, дулааны чадал авах, дамжуулах тухай тохиролцох;
17.2.3.цахилгаан, дулаан дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх үйлчилгээний төлбөрийг төлөх;
17.2.4.аж ахуйн харилцааны дүрмийг мөрдөх.
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.3.Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэр дээрх зарим хэрэглэгчдийн цахилгаан, дулааны борлуулалтыг иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Гэрээт борлуулагчид худалдах үнэ, төлөх шимтгэлийг хоорондын гэрээгээр тохиролцох ба хэрэглэгчид Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон үнээр худалдана.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/