30 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрх, үүрэг
30.1.Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.1.1.стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах;
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
30.1.2.эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх;
30.1.3.техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх;
30.1.4.эрчим хүчээр хангагчийн төлөөлөгчийг үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах;
30.1.5.эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;
30.1.6.энэ хуулийн 32.2., 32.3.-т зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх;
30.1.7.эрчим хүчний тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
30.1.8.өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах;
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.1.9.байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд гэрээнд заасан эрчим хүчийг авахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа эрчим хүчээр хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэх;
30.1.10.түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах;
30.1.11.өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх, тухайн хангагчаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах;
30.1.12.эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө хариуцах. Хэрэглэгч уг эвдрэл, гэмтлийг засах шаардлагатай арга хэмжээ авахгүй бол хангагч засварыг хийж, гарсан зардлаа хэрэглэгчээс шаардан авах эрхтэй;
/Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
30.1.13.нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
30.2.Цахилгаан хангамж тасалдсан тохиолдолд хүний амь нас, улсын эрх ашиг, хэрэглэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болох онцлогтой хэрэглэгч өөрийн нөөц цахилгааны эх үүсвэртэй байна. Эдгээр хэрэглэгчийг зэрэглэлд нь үндэслэн Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл тогтооно.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/