32 дугаар зүйл. Эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх

32.1.Эрчим хүчний хяналтын улсын байцаагч дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу зарим тоног төхөөрөмжийн ашиглалтыг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

32.1.1.хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц нөхцөл байдал бий болсон;

/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.1.2.эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон;

32.1.3.үйлдвэрлэн гаргаж байгаа эрчим хүч нь стандарт, чанарын шаардлага хангахгүй байгаа;

32.1.4.эрчим хүчний хяналтын улсын байцаагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй.

/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.2.Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

32.2.1.эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй;

32.2.2.эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан;

32.2.3.тоолуургүй тохиолдолд гэрээнд тусгагдаагүй хэлбэрээр эрчим хүч хэрэглэсэн;

32.2.4.хангагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан;

32.2.5.байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн;

32.2.6.хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчийн эрх бүхий ажилтанд олгоогүй.

32.3.Эрчим хүчний хяналтын улсын байцаагч энэ хуулийн 32.2.-т зааснаас гадна дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

32.3.1.хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон;

32.3.2.эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн;

32.3.3.гэрээгээр тогтоосон цахилгаан чадлын хэрэглээг хэтрүүлсэн.

32.4.Эрчим хүчний хяналтын улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх болсон тухайгаа тусгай зөвшөөрөл олгогчид урьдчилан, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн тухайгаа эрчим хүчээр хангагчид тус тус мэдэгдэнэ.

32.5.Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болсон талаар тэдэнд 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэж, шийдвэртээ түдгэлзүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, тоног төхөөрөмж, тоолуур, хэмжүүр болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжилнэ. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч хүний амь нас, улсын эрх ашиг, бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болохуйц байдал бий болсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг урьдчилан мэдэгдэхгүйгээр түдгэлзүүлж болно.

32.6.Эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь түдгэлзүүлсэн шалтгааныг арилгасан тухайгаа түдгэлзүүлсэн эрчим хүчний хяналтын улсын байцаагч, хангагчийн эрх бүхий ажилтанд мэдэгдэж шалгуулахаас өмнө битүүмжилсэн тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглахыг хориглоно.

32.7.Энэ хуулийн 32.1, 32.2, 32.3-т заасны дагуу эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь хууль тогтоомж, тусгай зөвшөөрөл, гэрээний нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрхийг хөндөхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.