8 дугаар зүйл. Эрчим хүчний зохицуулах хороо
8.1.Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.2.Зохицуулах хороог орон тооны гурав, орон тооны бус хоёр, нийт таван гишүүний бүрэлдэхүүнтэй зохицуулагчид удирдана.
8.3.Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, орон тооны бус хоёр зохицуулагчийг Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн саналыг тус тус үндэслэн Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилно. Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно.
8.4.Зохицуулагч эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн эрхтэй байна.
8.5.Зохицуулах хорооны дэргэд хэрэглэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тэнцүү тооны төлөөллөөс бүрдсэн, зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байгуулж болно.
8.6.Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлсөөр санхүүжинэ.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.7.Зохицуулах хороо санхүүгийн тайлангаа жил бүр аудитаар баталгаажуулж нийтэлнэ.
8.8.Зохицуулах хороо нь ажлын албатай байх ба ажлын албыг ажлын албаны дарга удирдах бөгөөд ажлын албаны даргыг зохицуулах зөвлөлөөс томилж, чөлөөлнө.
8.9.Ажлын албаны дүрмийг Зохицуулах хороо батална.
/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/