10 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
10.1.Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, биелэлтийг хангах;
10.1.2.сонгон шалгаруулалтын журам батлах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.3.ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
10.1.4.тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;
10.1.5.улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх жил бүрийн геологийн судалгааны ажлын төлөвлөгөө, төсөл, төсвийг батлах, тодотгох, үр дүнгийн тайланг хүлээн авсан тухай шийдвэр гаргах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.1.6.улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журмыг батлах;
10.1.7.ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам батлах, бүтээгдэхүүний стандартыг боловсруулж батлуулах;
10.1.8.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих;
10.1.9.Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.1.10.ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх.
/Энэ заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.11.уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авах журмыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.12.баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.13.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөллийн тэгш байдлыг хангасан орон тооны бус бодлогын зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.14.уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.15.геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн санг эрхлэх үйл ажиллагааны журмыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.16.геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.17.ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, зааврыг батлах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.18.үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагатай хамтран ашигт малтмалын баялаг, ордын нөөц, хайгуулын ажлын үр дүнг нийтэд нээлттэй тайлагнах журмыг батлах.
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.1.19.Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
10.1.20.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох асуудлаар санал, дүгнэлт гаргах. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.2.Энэ хуулийн 4.1.30-д заасан босго үнийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.3.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах үүрэг бүхий сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./