9 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

9.1.Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

9.1.2.геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

9.1.3.улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;

9.1.4.тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, хасах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.1.5.энэ хуулийн 5.4, 5.5-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.6.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах хамтарсан үйлдвэрт Монгол Улсаас оруулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;

9.1.7.тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх, эсхүл энэ талаархи саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

9.1.8.төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээр дамжуулан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тодорхой үйл ажиллагаанд оролцох.

9.1.9.Үндэсний геологийн алба байгуулах;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.10.энэ хуулийн 42.1-д заасан гэрээний загварыг батлах;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.11.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.12.стратегийн ач холбогдол бүхий ордын талбайн хил заагийг тогтоох;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.13.ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.14.үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагааны журмыг батлах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.1.15.үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах.

9.1.16.энэ хуулийн 5.7-д заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийг удирдах, хуулийн хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхт төлөөлөгчийг томилох; /Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.1.17.энэ хуулийн 9.1.16-д заасан бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг энэ хуульд нийцүүлэн батлах. /Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.