8 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
8.1.Ашигт малтмалын асуудлаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
8.1.2.ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;
8.1.3.улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;
8.1.4.Засгийн газраас өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, хасах;
/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.5.Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тодорхой нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох;
8.1.6.цацраг идэвхт ашигт малтмал олборлох, тээвэрлэх, хадгалахтай холбогдсон тусгай дэглэм тогтоох;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8.1.7.Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох болон ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлыг шийдвэрлэх. /Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./