7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага

7.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна.

7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.4.Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.

7.5.Газар өмчлөгч, эзэмшигч нь тухайн газарт байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиг олох зорилгогүйгээр, өөрийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болох бөгөөд ийм ашигт малтмалын жагсаалтыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.6.Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалт явуулахаар цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэл ирүүлсэн бол тухайн талбай дээр уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.

/Энэ хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Ашигт малтмалын салбар дахь төрийн зохицуулалт

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.