13 дугаар зүйл. Талбайг нөөцөд авах
13.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг дор дурдсан зорилгоор Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авч болно:
13.1.1.тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх;
13.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэх;
13.1.3.улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх.
13.2.Талбайг энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан бол энэ тухай шийдвэрийг дараахь мэдээллийн хамт нийтэд мэдээлнэ:
13.2.1.нөөцөд авсан талбай байрших аймаг, сумын нэр;
13.2.2.нөөцөд авсан талбайн бүх булангийн цэгийн солбицлууд;
13.2.3.тухайн талбайг нөөцөд авсан зорилго;
13.2.4.талбайг нөөцөд байлгах хугацаа.
13.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
13.4.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан талбайг дараахь үндэслэлээр чөлөөлнө:
13.4.1.Засгийн газар тухайн талбайг хугацаанаас нь өмнө чөлөөлөх шийдвэр гаргасан;
13.4.2.талбайг нөөцөд байлгах хугацаа дууссан;
13.4.3.энэ хуулийн 13.1.1-13.1.3-т заасан шалтгаан арилсан.
13.5.Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ.