14 дугаар зүйл. Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар
14.1.Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:
14.1.1.тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр;
14.1.2.тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд;
14.1.3.тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго;
14.1.4.тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа.
14.2.Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна.
14.3.Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
14.4.Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.
/Энэ хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.5.Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
14.6.Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.
14.7.Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ.
14.8.Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ.
14.9.Энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно.
/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
Ашигт малтмал эрэх, хайх