20 дугаар зүйл. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох
20.1.Сонгон шалгаруулалтын үнийн саналыг үнэлэхэд дараах зарчмыг баримтална: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.1.1.сонгон шалгаруулалтын үнийн саналыг үнэлэхдээ бүртгэл хаагдсан өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн үнэлгээг нээлттэйгээр нийтэд мэдээлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.1.2.үнийн саналын оноо нь энэ хуулийн 10.1.2-т заасан журмаар тогтоосон босго оноонд хүрээгүй тохиолдолд техникийн саналд үнэлгээ хийхгүй бөгөөд нийтэд нээлттэй мэдээлэх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.Сонгон шалгаруулалтын техникийн саналыг үнэлэхэд дараах зарчмыг баримтална: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.1.сонгон шалгаруулалтын комисс үнийн саналыг нээснээс хойш ажлын таван өдрийн дотор энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу техникийн саналыг үнэлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.2.сонгон шалгаруулалтын комисс энэ хуулийн 18.1-д заасан шаардлага хангаагүй хүсэлтийн техникийн саналыг үнэлэхгүй бөгөөд үндэслэл, шалтгааныг хүсэлт гаргасан хуулийн этгээдэд мэдэгдэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.3.сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн баталгаажуулсан техникийн саналын оноог үнэлгээ хийж дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор оролцогчдод мэдэгдэж, нэгтгэсэн дүнг нээлттэй мэдээлэх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.3.Үнийн болон техникийн саналын оноог нэгтгэж шалгаруулахад дараах зарчмыг баримтална: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.3.1.сонгон шалгаруулалтын комисс оролцогчдоос ирүүлсэн үнийн болон техникийн саналын үнэлгээний оноог нэгтгэж, хуралдааны тэмдэглэл үйлдэн, дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.3.2.энэ хуулийн 20.3.1-д заасан үнэлгээг нэгтгэхэд хоёр болон түүнээс дээш оролцогчийн үнэлгээ тэнцсэн тохиолдолд илүү үнийн саналтай оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай дүгнэлтийг гаргах. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.4.Сонгон шалгаруулалт зарласан боловч хүсэлт ирээгүй, эсхүл ирүүлсэн хүсэлт нь шаардлага хангаагүй бол сонгон шалгаруулалтыг дахин зарлаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.5.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход дараах зарчмыг баримтална: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.5.1.сонгон шалгаруулалтын комисс энэ хуулийн 20.2.3-т заасан нэгтгэсэн дүнг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.5.2.геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөрт багтаан холбогдох шийдвэрийг гаргах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.5.3.геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж шалгарсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай ажлын хоёр өдөрт багтаан мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг ажлын 10 өдрийн дотор төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.5.4.сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг төлсөн оролцогчид тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай мэдэгдлийг хоёр хоногт хүргүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.5.5.энэ хуулийн 20.5.3, 20.5.4-т заасны дагуу төлбөрийг төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага мэдэгдлийг хүчингүй болгож, энэ тухай бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр ажлын хоёр өдөрт мэдэгдэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
20.5.6.энэ хуулийн 20.5.3, 20.5.4-т заасан төлбөрийг мэдэгдэлд заасан хугацаанд төлөөгүй оролцогчид босго үнийг буцаан олгохгүй. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.6.Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.7.Хайгуулын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.8.Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон даруйд энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, татварын албанд мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/