35 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг
35.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
35.2.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана:
35.2.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар;
/Энэ заалтад 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
35.2.2. байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан;
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
35.2.3.хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө. /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.3.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана:
35.3.1.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар;
/Энэ заалтад 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
35.3.2.ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө;
35.3.3.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
35.3.4. байгаль орчны менежментийн төлөвлөгөө;
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
35.3.5.хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ;
35.3.6.уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт;
35.3.7.газар, ус ашиглах тухай гэрээ.
35.4.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ.
35.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно.
35.6.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, бичил уурхайгаас алт олборлогч нь олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаана.
/Энэ хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
35.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нүүрс олборлох явцад метан хий илрүүлбэл газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
35.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 35.6-д заасан метан хийг ашиглахаар бол Газрын тосны тухай хуульд заасны дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулж болно.
/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
35.9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд стандартын шаардлага хангасан бараа, ажил, үйлчилгээ бүхий Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгоно.
/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
35.10.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техникийн гэнэтийн осол, саатал, давагдашгүй хүчин зүйл, шүүхийн шийдвэр, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг нь зогсоосон болон бусад шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохдоо геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлнэ.
/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
35.11.Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлнэ.
/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
35.12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/