56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах

56.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:

56.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон;

56.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;

/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

56.1.3.хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн;

/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

56.1.4.тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол;

56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

56.1.6.стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомжийг зөрчсөн.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрйин хуулиар хүчингүй болсонд тооцсон/

56.1.7.хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон.

/Энэ заалтыг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

56.1.8.Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн.

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

56.1.9.Энэ хуулийн 49.1, 49.2, 49.3-т заасныг зөрчиж тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн бол;

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

56.1.10.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 49.4.8, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан;

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

56.1.11.Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-т заасны дагуу холбогдох байгууллагад үнэн зөв мэдээлээгүй бол.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

56.2.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.

/Энэ хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

56.3.Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

56.4.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.

56.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т заасны дагуу түдгэлзүүлэхгүй.

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

56.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гартал тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй.

56.7.Төрийн захиргааны байгууллага хайгуулын, ашиглалтын болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж өдөр тутмын сонинд нийтэлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

56.8.Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно.

/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

Мэдээлэл, төлбөрийн хуваарилалт, нөхөн төлбөр, санхүү бүртгэлийн онцлог

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.