55 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх
55.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно.
55.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу үйлдэж, уг талбайн тодорхойлолтын хамт ирүүлэх бөгөөд хайгуулын талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд тухайн талбай нь энэ хуулийн 17.2-т заасан шаардлагыг, уурхайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд энэ хуулийн 24.4-т заасан шаардлагыг тус тус хангасан байна.
55.3.Талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
55.3.1.хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл;
55.3.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт;
55.3.3.энэ хуулийн 48.1.2, 48.6.3-т заасан тайлан.
55.4.Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгсний дараа үлдэх талбай энэ хуулийн 17.2, 24.4-т заасан шаардлагыг хангасан байна.
55.5.Энэ хуулийн 55.2-55.4-т заасан шаардлага хангасан бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэж, тухайн тусгай зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг тусгах бөгөөд ингэснээр талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөнд тооцно.
55.6.Төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авсан тухай зохих байгууллагад мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ.
55.7.Талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн нь өмнө төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг бууруулах, эсхүл түүнийг буцаан олгох үндэслэл болохгүй.
55.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайн тодорхой хэсгийг буцаан өгснөөс хойш 2 жилийн хугацаанд тухайн талбайд дахин өргөдөл гаргах эрхгүй.