60 дугаар зүйл. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр
60.1.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газраас олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн хугацаанаас эхлэн гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцааж нөхөн төлнө.
60.2.Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалд ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг тус тус оруулан тооцно.
60.3.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хувьчлагдсан аж ахуйн нэгжийн хувьд өмнө нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлын дүнгээс тухайн ордын нэгэнт ашиглагдсан ашигт малтмалын хэмжээнд ногдох хайгуулын зардлыг хувь тэнцүүлэн хасч, үлдэгдэл нөөцөд ногдох хайгуулын зардлыг нөхөн төлнө.
60.4.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй.
60.5.Нөхөн төлбөр хийх гэрээнд төлбөрийн нийт хэмжээ, хугацаа, жил бүр хийх төлбөрийн хэмжээг тус тус тусгана.
60.6.Жилд төлөх нөхөн төлбөрийн хэмжээг тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд тулгуурлан тогтооно.
60.7.Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон алданги ногдуулна.
60.8.Нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журмыг Засгийн газар батална.
60.9.Нөхөн төлбөр төлөх гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагаас авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 60.1, 60.7-д заасан нөхөн төлбөр, алдангийг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд сонгон шалгаруулалт зарлана.