7 дугаар зүйл. Ургамлыг хамгаалах
1.Ургамлыг гал түймэр, хөнөөлт организмаас болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах ажлыг сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Нэн ховор, унаган буюу үлдвэр ургамлын удмын санг хамгаалах зорилгоор ургамлыг тарималжуулах, нутагшуулах ажлыг төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
3.Ургамлыг хөнөөлт организм, хими, биологийн бодисын хортой нөлөөллөөс хамгаалах, хорио цээр тогтоох ажлыг сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.Ургамлыг хөнөөлт организмаас хамгаалахад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид *төрийн захиргааны төв байгууллага* гэх/-ын зөвшөөрснөөс бусад химийн бодис хэрэглэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.Нэн ховор ургамал бүхий газрыг тухайн ургамал хамгаалах, нөхөн сэргээхээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхийг хориглоно.
6.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр харь ургамлыг байгальд тарималжуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
7.Харь ургамлыг байгальд тарималжуулахад зориулалтын хязгаарлаж битүүмжилсэн талбайг ашиглана.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.Ургамлын эрүүл мэндийг хамгаалах, хөнөөлт организмын гаралт, тархалтаас сэргийлэх, тэмцэх, устгахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./