19 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгох журам

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгох журам

19.1.Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

19.2.1.хуульчийн шалгалтад тэнцсэн батламж;

19.2.2.ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

19.2.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт.

19.3.Хуульчдын холбоо нь өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж, хуульчид тавигдах зан байдлын болон эрүүл мэндийн шаардлагыг харгалзан гишүүнээр элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

19.4.Хуульчдын холбоо өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.

19.5.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно.

19.6.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, холбогдох хуульд заасан мэргэжлийн шалгалтад оролцож тэнцсэн тохиолдолд нотариатч, прокурор, шүүгчээр ажиллана.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

19.7.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.