48 дугаар зүйл. Хуульчдын холбооны зөвлөл
48.1.Хуульчдын холбооны зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ нь Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага байна.
48.2.Зөвлөл нь 30-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн гишүүд энэ хуулийн 49.4-т заасан хороодын төлөөлөл байна.
48.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнд энэ хуулийн 48.2-т заасан Зөвлөлийн гишүүдээс гадна хууль зүйн сургуулийн оюутны болон хуульчийн шалгалт өгөхөөр мэргэжлийн дадлага хийж байгаа эрх зүйчдээс тус тус нэг төлөөлөл байна.
48.4.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх ба нэг удаа улируулан ажиллуулж болно. Энэ хуулийн 48.3-т заасан зөвлөлийн гишүүний бүрэн эрх нэг жил байна.
48.5.Энэ хуулийн 48.3-т заасан зөвлөлийн гишүүн зөвлөлийн хуралд саналын эрхгүй оролцоно.
48.6.Зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
48.7.Энэ хуулийн 48.2-т заасан Зөвлөлийн гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр Зөвлөлийн хурал хүчинтэй болох бөгөөд хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр батлагдана.
48.8.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн санал тэнцсэнээс бусад тохиолдолд саналын эрхгүй байна.
48.9.Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
48.9.1.Хуульчдын холбооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
48.9.2.Хуульчийн мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэж Хуульчдын их хуралд оруулах, Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэх;
48.9.3.энэ хуульд заасан бусад дүрэм, журмыг батлах;
48.9.4.Мэргэжлийн хариуцлагын хорооноос бусад Чиг үүргийн хороог байгуулж, даргыг нь хоёр жилийн хугацаатайгаар томилох;
48.9.5.Чиг үүргийн хорооноос бусад хороог батламжлах;
48.9.6.Хуульчдын холбооны хяналтын зөвлөл /цаашид "Хяналтын зөвлөл" гэх/-ийн бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх;
48.9.7.Хуульчдын холбооны тамгын газрын дарга /цаашид "Тамгын газрын дарга" гэх/-ыг томилох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;
48.9.8.Хуульчдын холбооны тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/-ын бүтэц, орон тоог батлах, ажилтны цалингийн хэмжээг тогтоох;
48.9.9.Хуульчдын холбооны төсөв, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, батлах;
48.9.10.Хуульчдын холбооны орон нутаг дахь салбар, нэгжийг байгуулах, татан буулгах;
48.9.11.Хуульчдын холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар хуульчдаас гаргасан өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх, шаардлагатай бол Хуульчдын их хурлаар хэлэлцүүлэх;
48.9.12.энэ хууль болон Хуульчдын холбооны дүрэм, Хуульчдын холбооноос баталсан журмын биелэлтэд хяналт тавих;
48.9.13.энэ хууль болон Хуульчдын холбооны дүрэмд зааснаас бусад холбооны зохион байгуулалтын бүтцийг байгуулах, өөрчлөх, татан буулгах.
48.10.Зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
48.11.Зөвлөлийн хуралдааныг нээлттэй явуулж, шийдвэрийг нийтэд мэдээлнэ.