56 дугаар зүйл. Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо
56.1.Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо /цаашид "Хуульчдын эрхийг хамгаалах хороо” гэх/ нь Хуульчдын холбооны прокурор, өмгөөлөгчдийн болон бусад мэргэшлийн чиглэлээр байгуулагдсан хуульчдын хорооны төлөөлөгчдөөс бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
56.2.Хуульчдын эрхийг хамгаалах хороонд прокурор, өмгөөлөгчдийн хорооны төлөөлөл тус бүр гурав, бусад хуульчдын хороодын нийт төлөөлөл дөрөв байна. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
56.3.Хуульчдын эрхийг хамгаалах хороо нь хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тийм үйл ажиллагааг дэмжих замаар хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах чиг үүрэгтэй байна.
56.4.Хуульчдын эрхийг хамгаалах хороо нь энэ хуулийн 56.3-т заасан чиг үүргээ хуульчдын нэгдсэн сонирхол хөндөгдсөн нөхцөлд өөрийн санаачилгаар болон Хуульчдын холбооны даалгавраар хэрэгжүүлнэ.
56.5.Хуульчдын эрхийг хамгаалах хороо нь прокурорын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Улсын ерөнхий прокурорын газартай, өмгөөлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Өмгөөлөгчдийн хороотой хамтран комисс байгуулна. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./