58 дугаар зүйл. Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл
58.1.Хууль зүйн сургууль Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагаас гадна Хуульчдын холбооноос тогтоосон шаардлагыг хангасан байна.
58.2.Хуульчдын холбоо энэ хуульд заасан хуульчийн шаардлагыг хангуулах зорилгоор хууль зүйн сургуульд дараах шаардлагыг тогтооно:
58.2.1.хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрийн стандарт;
58.2.2.хууль зүйн сургуулийн багшлах бүрэлдэхүүний стандарт;
58.2.3.хууль зүйн сургуулийн боловсролын орчны стандарт;
58.2.4.хууль зүйн сургуулийн оюутны заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын стандарт.
58.3.Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна.
58.4.Энэ хуулийн 58.3-т заасан багц цаг нь Хуульчдын холбооны баталсан хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрийн мэргэжлийн хичээлийн агуулгаар илэрхийлэгдэнэ.
58.5.Хуульчдын холбоо нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргээ магадлан итгэмжлэх комисс байгуулах замаар хэрэгжүүлнэ.
58.6.Энэ хуулийн 58.5-д заасан магадлан итгэмжлэх комисс нь Боловсролын тухай хуулийн 26.2-т заасны дагуу эрх олж авах бөгөөд уг комиссын дүрмийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
58.7.Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг зургаан жил тутамд дахин хянана.