4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХӨРС ХАМГААЛАХ, ЦӨЛЖИЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.хөрс гэж газрын гадаргын өнгөн хэсгийн үржил шимт давхарга бүхий сэвсгэр хэсгийг;

4.1.2."хөрсний доройтол" гэж хөрсний үржил шим муудах, элэгдэл, эвдрэлд орох, бохирдох, бэлчээр талхлагдаж анхны шинж чанараа алдахыг;

4.1.3."цөлжилт" гэж уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг бусад хүчин зүйлийн нөлөөгөөр хөрс доройтох үйл явцыг;

4.1.4."хөрс хамгаалах" гэж хөрсийг хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр доройтохоос хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг;

4.1.5."хөрсийг нөхөн сэргээх" гэж доройтсон хөрсийг анхны төрх байдалд нь оруулах, үржил шимийг нь нэмэгдүүлэн сайжруулах үйл явцыг;

4.1.6."цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээ" гэж цөлжих нөхцөл байдлыг илрүүлэх, мэдээлэх, хөрсийг сайжруулахад чиглэсэн цөлжилтөөс зайлсхийх үйл ажиллагааг;

4.1.7."цөлжилтийг сааруулах арга хэмжээ" гэж цөлжилтийн эсрэг техникийн болон биологийн үйл ажиллагаа явуулж, түүний тархалт, идэвхжилт, үйл явцыг удаашруулах, тогтоох арга хэмжээг;

4.1.8."цөлжилттэй тэмцэх арга хэмжээ" гэж хөрсний доройтол, цөлжилтийн тархалт, идэвхжилтийг бууруулах, зогсоох, сөрөг нөлөөллийг арилгах үйл ажиллагааг;

4.1.9."хуурайшлын индекс" гэж тухайн газар нутгийн жилийн тундасны хэмжээ болон ургамал, хөрсний нийлбэр ууршилт хоорондын харьцааг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.