5 дугаар зүйл. Хөрсний доройтол болон цөлжилтийн төлөв байдлын зэрэглэл

ХӨРС ХАМГААЛАХ, ЦӨЛЖИЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хөрсний доройтол болон цөлжилтийн төлөв байдлын зэрэглэл

5.1.Хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын зэрэглэлийн шалгуур үзүүлэлт, түүнийг тогтоох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

5.2.Хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын зэрэглэлийг дараах байдлаар ангилна:

5.2.1.сул зэрэглэл;

5.2.2.дунд зэрэглэл;

5.2.3.хүчтэй зэрэглэл.

5.3.Хөрсний доройтлын сул зэрэглэлд тухайн газар нутгийн хөрсний талбайн таван хувиас бага бохирдсон, эсхүл хөрсний өнгөн хэсэг бага зэрэг элэгдсэн, ялзмагийн нөөцийн багасалт 25 хувиас бага газар хамаарна.

5.4.Хөрсний доройтлын дунд зэрэглэлд тухайн газар нутгийн хөрсний талбайн 5-20 хувь бохирдсон, эсхүл хөрсний өнгөн хэсэг эвдрэлд орсон, ялзмагийн нөөцийн багасалт 25-50 хувьд хүрсэн газар хамаарна.

5.5.Хөрсний доройтлын хүчтэй зэрэглэлд тухайн газар нутгийн хөрсний талбайн 20-50 хувь бохирдсон, эсхүл хөрс гүн эвдрэлд орсон, үржил шимт чанараа алдаж ялзмагийн нөөцийн багасалт 50-иас дээш хувьд хүрсэн газар хамаарна.

5.6.Хөрс бохирдуулагч химийн бодисын нэр төрөл, хүлцэх агууламжийн жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

5.7.Цөлжилтийн зэрэглэлийг дараах байдлаар ангилна:

5.7.1.цөлжилтийн сул зэрэглэлд хөрсний доройтлын сул зэрэглэлд багтах тухайн газрын хуурайшлын индекс сүүлийн 30 жилд 0.1 нэгжээр буурсан газар хамаарна;

5.7.2.цөлжилтийн дунд зэрэглэлд хөрсний доройтлын дунд зэрэглэлд багтах тухайн газрын хуурайшлын индекс сүүлийн 30 жилд 0.2 нэгжээр буурсан газар хамаарна;

5.7.3.цөлжилтийн хүчтэй зэрэглэлд хөрсний доройтлын хүчтэй зэрэглэлд багтах газрын хуурайшлын индекс сүүлийн 30 жилд 0.3 нэгжээр ихээр буурсан газар хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.