7 дугаар зүйл. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээ

ХӨРС ХАМГААЛАХ, ЦӨЛЖИЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээ

7.1.Хөдөө аж ахуйн газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.1.1.тариалангийн газрын хөрсний үржил шимийг дээшлүүлэх, хөрс хамгаалах техник, технологийг нэвтрүүлэх;

7.1.2.цомхотгосон болон элдэншүүлээгүй тэг технологи ашиглахаас бусад тохиолдолд 100 га-гаас дээш талбайд үр тарианы тариалалтын үйл ажиллагаа явуулахдаа зурваслан тариалалт хийх;

7.1.3.энэ хуулийн 7.1.2-т заасан зурвасны урт нь 100 м, өргөн нь 10 м-ээс багагүй байна;

7.1.4.бэлчээрийг тухайн орон нутгийн малын тоо толгойд тохируулан улирлын хуваарьтай ашиглах.

7.2.Хот тосгон, суурин газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.2.1.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тогтоосон цэгээс бусад газарт хөрсийг хог хаягдлаар бохирдуулахгүй байх;

7.2.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрүүл ахуйн шаардлага хангасан бохир ус зайлуулах байгууламжтай байх;

7.2.3.барилга байгууламж барьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь барилгын ажлын явцад болон дууссаны дараа эвдэрсэн газрын хөрсийг нөхөн сэргээх;

7.2.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн болон өмчлөлийн газрын 10 хувиас доошгүй талбайд зохих журмын дагуу мод тарьж, зүлэгжүүлэх;

7.2.5.тогтоосон авто зогсоол болон авто замын зорчих хэсгээс бусад газарт тээврийн хэрэгсэл зогсоох, зорчихыг хориглох.

7.3.Тусгай хэрэгцээний газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.3.1.бичил уурхайн зориулалтаар олгосон газар болон газрын тосны гэрээт талбай, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь үйл ажиллагааныхаа явцад доройтсон хөрсийг биологийн нөхөн сэргээлтийн стандартын шаардлагад нийцүүлэн нөхөн сэргээх;

7.3.2.аймаг дундын отрын бэлчээрийн болон улсын тэжээлийн сангийн хадлангийн талбайн газрыг хуваарьтай сэлгэн ашиглах;

7.4.Ойн сангийн газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.4.1.мод бэлтгэсэн талбайг хээршихээс өмнө ойжуулах;

7.4.2.мод бэлтгэлийг технологийн дагуу явуулах;

7.4.3.хөрсний ялзмаг, үржил шимийг тогтоох, доройтлоос хамгаалах зорилгоор гуу, жалга үүсэж болох газарт хаалт хамгаалалт хийх, ойжуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.