8 дугаар зүйл. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар төрийн байгууллагын бүрэн эрх
8.1.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.2.хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах;
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.1.3.энэ хуулийн 6.1.3, 6.1.6, 6.2.1, 6.2.2, 6.2.4, 7.3.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх.
8.2.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.2.1.хөрсийг хaмгаалах, цөлжилтөөс сэргийлэх төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
8.2.2.хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, нөхөн сэргээх технологи болон хохирлын нөхөн төлбөр тогтоох аргачлал, зааврыг баталж, түүний хэрэгжилтийг хангах;
8.2.3.энэ хуулийн 6.1.2, 6.1.4, 6.1.5, 6.2.3, 6.2.5, 7 дугаар зүйлийн 7.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх;
8.2.4.шаардлагатай тохиолдолд батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцон цэргийн дүйцүүлэх алба болон анги нэгтгэлийн албан хаагчдыг хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцуулах;
8.2.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
8.3.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал харьяалах нутаг дэвсгэртээ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.3.1.хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль тогтоомжийн, биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
8.3.2.нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр энэ хуулийн 6.1, 6.2, 7.1.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зардлын төсвийг батлах;
8.3.3.хөрсний доройтол, цөлжилтөөс шалтгаалж хүн, малыг нүүлгэн шилжүүлэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тухайн шатны Засаг даргын саналыг үндэслэн шийдвэр гаргах;
8.3.4.хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах;
8.3.5.мэргэжлийн байгууллагын дүгнэлт бүхий Засаг даргын саналыг үндэслэн хөрс нь хүчтэй доройтсон газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах.
8.4. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.4.1.хөрсний доройтлыг бууруулах, бохирдлыг аюулгүй болгох, саармагжуулах, дарж булах, хуулж авах зэрэг бусад арга хэмжээг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх;
8.4.2.нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр энэ хуулийн 6.1, 6.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зардлын төсвийн төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах;
8.4.3.нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, зөрчлийг арилгуулах;
8.4.4.хөрсний доройтолд орох магадлалтай газар нутгийн жагсаалтыг аймаг, нийслэлийн газрын алба, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгуулагатай хамтран тодорхойлж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган жил бүр газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.4.5.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хөрс хүчтэй доройтсон, цөлжсөн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн газар нутагт тодорхой төрлийн үйл ажиллагааг тав хүртэл жилийн хугацаагаар хязгаарлах, хориглох.