5 дугаар зүйл. Байгаль орчны стратегийн үнэлгээ
5.1.Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулагч салбарын яам нь уг баримт бичгийг боловсруулах явцад стратегийн үнэлгээ хийлгэж, Засгийн газарт хэлэлцүүлэхээс өмнө уг үнэлгээний тайланг бодлогын баримт бичгийн төслийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
5.2.Стратегийн үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжлийн байгууллага, тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, бие даасан шинжээч, мэргэжилтнүүдийн багийн оролцоотойгоор хийж тайлан гаргана.
5.3.Стратегийн үнэлгээ болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний талаарх нарийвчилсан журмыг Засгийн газар батална.
5.4.Стратегийн үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт танилцуулна.
5.5.Төслийг хэрэгжүүлэгч салбарын яам болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн үнэлгээний дүгнэлтийн талаарх мэдээллийг нийтэд мэдээлж, өөрийн цахим хуудсанд байрлуулах бөгөөд хэвлэмэл хувилбартай танилцах боломжийг бүрдүүлнэ.