6 дугаар зүйл. Төлөв байдлын болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
6.1.Төсөл хэрэгжүүлэгч нь энэ хуулийн 3.1.4-т заасан үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийг судалсан байна.
6.2.Төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан чиглэл гаргуулна.
6.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөлд энэ хуулийн 3.1.5-д заасан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийнэ.
6.4.Шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 6.3-т заасан үнэлгээ хийхэд мэргэжлийн баг томилж болно.
6.5.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний ажилд шаардагдах зардлыг нөлөөллийн цар хүрээг харгалзан төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулна.
6.6.Эрх бүхий мэргэжлийн байгууллага нь боловсруулсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж хянуулна.