7 дугаар зүйл. Нөлөөллийн үнэлгээ

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Нөлөөллийн үнэлгээ

7.1.Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ:

7.1.1.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;

7.1.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ.

7.2.Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ.

7.3.Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.

7.4.Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана:

7.4.1.техник, технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд халтай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, стратегийн үнэлгээний дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид нийцээгүй төслийг хэрэгжүүлэхээс татгалзах, эсхүл буцаах;

7.4.2.төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх;

7.4.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх.

7.5.Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 7.4-т заасан хугацааг энэ хуулийн 7.6-д заасан ерөнхий шинжээчийн шийдвэрээр 14 хоногийн хугацаагаар нэг удаа сунгаж болно.

7.6.Үнэлгээний шинжээч болон тэдгээрийн үйл ажиллагааг удирдан зохицуулах ерөнхий шинжээчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын дадлага туршлагыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилно.

7.7.Нөлөөллийн үнэлгээний журам, аргачлалыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, аргачлалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаа болон мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.