20 дугаар зүйл. Паркийн удирдлагын чиг үүрэг
20.1.Паркийн удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас бүрдэнэ.
20.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь Засгийн газар, орон нутаг, паркийн нэгжийн төлөөллөөс бүрдэх бөгөөд нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийг паркийн нэгжээс сонгоно.
20.3.Төлөөлөн удирдах зөвлөл паркийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.3.1.паркийн хөгжлийн талаар өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.3.2.паркийн хөгжлийн онцлогтой уялдсан гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар шаардлагатай тохиолдолд өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал оруулж шийдвэрлүүлэх;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.3.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
20.4.Паркийн гүйцэтгэх удирдлага паркийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.4.1.паркийг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;
20.4.2.хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтийг зохион байгуулах;
20.4.3.техник, эдийн засгийн үндэслэл, технологийн түвшний үнэлгээ, холбогдох байгууллагаар гаргуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн паркийн нэгжтэй гэрээ байгуулах;
20.4.4.паркийн нэгжийн хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, дэд бүтцийг бүрдүүлэх, холбогдох заавар, удирдамжаар хангах;
20.4.5.энэ хуулийн 20.4.1-20.4.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээг гэрээний үндсэн дээр авах;
20.4.6.хуульд заасан бусад бүрэн эрх.