20 дугаар зүйл. Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэхийг хязгаарлах

АГААРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэхийг хязгаарлах

20.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан агаарын бохирдол ихсэж болзошгүй тухай мэдээг мэргэжлийн албанаас хүлээн авмагц өөрийн эзэмшлийн агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодис, үзүүлэх физикийн сөрөг нөлөөллөө багасгах талаар энэ хуулийн 19.2-т заасны дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

20.2.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргаж байгаа бохирдуулах бодис, үзүүлж байгаа физикийн сөрөг нөлөөлөл нь тогтоосон стандартаас хэтэрсэн, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулах нөхцөл байдал бий болсон нь тогтоогдсон тохиолдолд байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу уг зөрчлийг арилгах хүртэл тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагааг хязгаарлах буюу түр зогсоож болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

20.3.Агаарт стандартаас хэтрүүлэн бохирдуулах бодис гаргаж, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа, хөдөлгөөнт эх үүсвэрийн ашиглалтыг байгаль орчны улсын байцаагч болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хязгаарлаж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.4.Агаар бохирдуулах бодисын хаягдлын стандарт, физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоох буюу үйлдвэрлэлийн чиглэлийг нь өөрчлөх саналыг байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагч зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад тавих бөгөөд уг саналыг эрх бүхий байгууллага 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20.5.Агаар хамгаалах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тодорхой төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэн орохыг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хориглох буюу хязгаарлаж болно.

20.6.Зориулалтын бус газарт хог хаягдал хаях, ил задгай шатаах болон хог хаягдал устгах стандартын шаардлага хангаагүй аливаа үйл ажиллагааг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.