19 дугаар зүйл. Агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөлөл ноцтой нэмэгдсэн үед авах арга хэмжээ
19.1.Гэнэтийн аюул, үйлдвэрлэлийн осол болон бусад шалтгаанаар агаар дахь бохирдуулах бодисын агууламж, физикийн сөрөг нөлөөллийн түвшин нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэм хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахаар болсон бол тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн алба энэ тухай аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга болон хүн амд шуурхай мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.2.Агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөлөл нэмэгдсэн шалтгааныг тогтоох, хохирлыг арилгах арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн алба, бүх шатны Засаг дарга, холбогдох эрүүл ахуйн болон бусад байгууллага хамтран яаралтай авч хэрэгжүүлнэ.
19.3.Энэ хуулийн 19.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, албан тушаалтан агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын ажилд тусгай горим тогтоох, тэдгээрийн үйл ажиллагааг түр зогсоох, шаардлагатай тохиолдолд хүн амыг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу авч хэрэгжүүлнэ.