23 дугаар зүйл. Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийг тоноглох
23.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ эх үүсвэр нэг бүрээ хянах дотоод хяналтын багаж хэрэгсэл болон агаар бохирдуулах бодисыг саармагжуулах, цэвэрлэх, физикийн сөрөг нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглоно.
23.2.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийг энэ хуулийн 23.1-д заасан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглох, тэдгээрийн ашиглалтын байдалд тухайн салбарыг харьяалах төрийн захиргааны төв байгууллага, сум, дүүргийн Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч хяналт тавина.